Монгол улсын Ахуй үйлчилгээний салбарт хүчин төгөлдөр хэрэгжиж буй 21 стандарт байгаагийн нэг нь "Хэрэглэгчдэд зориулсан хумс заслын үйлчилгээний ерөнхий шаардлага MNS6843:2020 Стандарт" юм. Стандартыг таниулах аяны хүрээнд 2022 оны 7/25-7/29-ний хооронд Улаанбаатар хотын 6 дүүргийн хумс заслын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй болон эрхлэхээр төлөвлөж буй иргэн, аж ахуй нэгжүүдэд зориулан 5 хоногийн стандартын сургалтыг "Монголын мэргэжлийн хумс урлал, гоо сайхны нэгдсэн холбоо"-ноос үнэ төлбөргүй зохион байгууллаа.
Стандартын зорилго:
Энэхүү стандартын зорилго нь хумс заслын үйлчилгээнд тавих шаардлага, түүний үйл ажиллагааны горимыг тодорхойлон ажлын байрны эрүүл ахуйн нөхцөл, тоног төхөөрөмж, мэргэжлийн боловсон хүчний чадвар хангалт, халдвар хамгаалал, аюулгүй ажиллагаа, үйлчилгээний ажилтны эрүүл ахуйн шаардлага, харилцагчийн үйлчилгээний шаардлагыг тогтооно.
Хамрах хүрээ:
- Энэхүү стандарт нь Монгол улсын хэмжээнд хумс заслын үйлчилгээ эрхэлдэг иргэн, аж ахуй нэгжид хамаарна.
- Хумс заслын үйлчилгээ эрхлэх хүсэлт гаргасан иргэн, аж ахуй нэгж байгууллагыг бүртгэх, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавихад энэхүү стандартыг үндэслэл болгоно.
Хумс заслын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй хүн бүрийг стандартын талаарх мэдлэгээ өргөжүүлэн тэлж, үйл ажиллагаандаа хэвшүүлэн, стандартаа мөрдөж ажиллахыг уриалж байна.